Monday, March 17, 2014

Монголын R хэрэглэгчдийн групп байгуулах тухай уриалга

Сайн байцгаана уу R болон GIS-ийн сургалтанд оролцогсодоо, та бүгдэд энэ өдрийн мэнд хүргье! 

Юуны өмнө болж өнгөрөөд тун удаагүй байгаа R болон GIS-ийн сургалтыг санаачлан зохион байгуулсан Нандинцэцэгтээ болон дэмжиж ажилласан МУИС-ийн багш нар, мөн сургалтыг явуулсан гадаад багш нар, спонсор хийсэн Оюутолгой ХХК-даа сургалтанд оролцсон бүх хүмүүсийн өмнөөс болон хувиасаа дахин талархаж байгаагаа илэрхийлье. Энэ үнэхээр олон хүнд чухал хэрэгтэй сургалт болсон шүү. 

Сургалтын сүүлийн өдрийн орой сургалтад хамрагдсан хэсэг нөхөд энэ сургалтын ач холбогдолын талаар нилээн сайхан халуун яриа өрнүүлсэн юм. Тэгээд бидэнд R болон GIS дээр сурсан мэдсэн зүйлсээ мартахгүй байх, цааш өөрсдийгөө хөгжүүлэх, R-ийн хэрэглээг цаашид Монголд дэлгэрүүлэх зэрэг олон шаардлага байгаа тул энэ тал дээр хамтран ажиллах, одоо байгаа эрч хүчээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ингээд Монголын R хэрэглэгчийн групп байгуулах нь зүйтэй гэсэн санал дээр нэгдлээ. Иймд энэ асуудлаар сургалтад оролцсон болон R хэрэглэдэг, хэрэглэхийг сонирхож байгаа бүх хүмүүсийг Монголын R хэрэглэгчдийн групп байгуулах тухай хэлэлцүүлэгт урьж байна. 

Хэлэлцүүлэг 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 13:00-15:00 цагт Монгол-Японы төвийн 205 тоотод буюу саяны сургалт болсон өрөөнд болно. Та бүгдийг урьж байна. 

Хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг ярилцах болно. 
1. Гадаад орнуудад байдаг R хэрэглэгчдийн группын жишээ 
2. Монголын R хэрэглэгчдийн групп байгуулахын ач холбогдол 
3. Группын ажиллах зарчим, үйл ажиллагаа 
4. Группын блогын бүтэц, хэрэглэх зарчим 
5. Группын модераторыг сонгох 
6. Дараагын уулзалтын тов тогтох 

R болон GIS-ийн хэрэглээ манайд үнэхээр хэрэгтэй байгаа нь хүн бүрт тодорхой байгаа бөгөөд энэ тал дээр зарим хүмүүс аль хэдийн сайхан санаачлагууд гаргаж эхлээд байна, Ц.Бөхчулуун, Я.Адъяа, Итгэлт нарын facebook группуудыг дурдаж болно. Иймд Монголын R хэрэглэгчдийн групп байгуулах энэ ажилд хүн бүр идэвхтэй ажиллах байх гэж найдаж байна.